Ачболд @ Хөгжим.blogspot.com

2009-01-27

Хамгийн "cool" хүүхдүүдэд хандаж хэлэх нь

Манай нэг найз (Зулаа гээд нэрлэчихье) надруу "Hi5"-аар "message" явуулжээ: "Hi yu bna. da lemons-iin shine album gartsiishdee!!! nice bolson bna lee. www.gogo... end bga. chi neg check out bolooroi. okey tur bye :)"

Би хариу бичлээ: "Hey, what's up? Yoy, bi ene Lemons-iin album-iig hichneen ih huleev ee. Link yavuulsand thanks. Yag odoo sonsoj baina. Unen cool yum aa. Za za, daraa bichiye. See ya!"

Энэ захианаас харвал Зулаа бид хоёр англиар ярьдаг, та нар шиг "cool" хүмүүс ажээ. "Nice," "check out," "what’s up," "see ya" гээд л хэнээс ч дутахааргүй мэдэж байгаа биз? Би англи хэлийг гоё хэл гэж боддог. Англи хэлээр хар, бор, цагаан, олон янзын хүмүүстэй ойлголцож болдог нь сайхан. Хорин зургаан үсгээрээ бичээгүй түүх, хөндөөгүй сэдэв үгүй энэ хэл бол зуун давхар номын сангийн үнэмлэх л гэсэн үг.

Гэтэл намайг англи хэлийг магтаж суух үеээр нэгэн хар бодол миний толгойд нууцаар нэвтэрч, миний өөрийн бодол болон хувирчээ.

Тэр бол "монгол хэл англи хэлээс дорой" гэсэн бодол.

Дээрх өгүүлбэрийг дахиад нэг уншдаа. Тийм бодолгүй байсан бол би яалаа гэж "link yavuulsand thanks" гэхэв дээ! Энэ бодол Сүхбаатарын талбай дээр шалдан хүн зогсож байх шиг тод содон тусахгүй ч бидний "cool" үеийнхний бичигдээгүй номлол болсон гэмээр. Жаахан хүүхэд өмдөндөө баачихаад юу ч болоогүй мэт сууж байдаг шиг бид энэ бодлыг толгой дотроо агуулчихаад тэрийгээ ч мэдэхгүй сууна. Энэ санааг ямар хар шидтэн нь анх сэдэж бидний тархийг угаав аа! Хар шидтэн гэхдээ социализмын үеийн Орос ах нарын арга барилаар бидний тархийг угаасангүй. "Монгол хэл муу хэл, англи хэлийг гүйцэхгүй" гэж хэн ч зурагтаар хэлсэнгүй. "Монголоор ярих хэрэггүй, зөвхөн англиар ярь" гэж хэн ч сонин дээр бичсэнгүй. Үгүй ээ, хар шидтэн хамаагүй зальтай аргыг хэрэглэжээ.

Хар шидтэн эхлээд англи хэлтэй үндэстнүүд (Англи Америк) Монголчуудаас илүү баян, илүү хүчтэй, илүү ухаантай гэж бидэнд ойлгуулжээ. Ойлгуулахдаа Монголд ирсэн Америкийн амтат чихэр, амьд хөгжим; америк кинон дээр гардаг зуун давхар байшин, зугаа цэнгэлтэй амьдралаар ойлгуулсан байна. Энэ бүхэн Америкийг бидэнд гоё харагдуулж, Америк гоё харагдах тусам Монгол маань дорой харагдана. Гоё Америкийг дагаад Америкчуудын англи хэл Монголчуудын монгол хэлээс илүү юм шиг санагдана.

Англи хэлгүй хүнийг ажил авахгүй, англи хэлгүй хүн соёлгүй бүдүүлэг гэж хар шидтэн бидний чихэнд бас шивнэнэ. "Соёл боловсролтой" хүмүүс англиар холиж ярих учир тэдний зиндаанд дөхөж очихын тулд чи ч гэсэн англиар ярих хэрэгтэй гэж шидтэн биднийг ятгана. Эцэст нь Монголын нийгэм тэр чигээрээ шидтэний үгэнд итгэжээ. Айлын хоол амттай гэдэг шиг англи хэл бидэнд амттай санагдаж Зулаа бид хоёрын өнөөдөр "today," сайн уу "hi," баяртай "баая," баярлалаа "thanks" болжээ. Хажууд нь монгол хэлний нэр хүнд унаж коммунистууд ч устгаж дийлээгүй монгол найрагчдын бүтээлүүд тоосондоо дарагдаж, харин TOEFL, IELTS-ийн сонирхолгүй номнуудыг хүмүүс өвөртлөөд унтаж байна.

Яриандаа англи үг хэрэглэдэг хоёр янзын хүмүүс байдаг. Нэгд нь Залхуужав буюу "okay" гэдгээ ч зөв бичиж чаддаггүй Зулаа бид хоёр шиг хүмүүс орно. Бид бол "монгол хэл англи хэлээс дорой" гэсэн шидтэний үгийг ёстой л хүйтэн ундаа шиг залиглаж, эцэсдээ "cool" харагдах гэж яваад хэл бичиггүйн хар нүхэнд унасан хүмүүс. Бидний "соёл" гэвэл Америкийн соёл. Харамсалтай нь бид Америкийнхаа соёлыг орчуулуулж байж л хагас дутуу ойлгодог. Орчуулдаг хүмүүс нь ч англи хэлдээ маруухан.

Хоёрт нь Англимаа буюу гадаадад удаан амьдарсан, эсвэл англи хэлээр олон жил ном үзсэн хүмүүс орно. Монгол хэлнээсээ хэт төсөөрсөн явдал нь тэдний гол зовлон ажээ. Тэд Shakespeare, Dickens, Tolkien-ийг уншиж чаддаг нь сайхан ч, монгол хэлээ сайн мэддэггүй нь харамсалтай. Залхуужавт бол Shakespeare байтугай Harry Potter-ийн 7 ном ч эрээн цоохор юм харагдана. Тэглээ гээд Залхуужав Нууц Товчоо, Инжаннаши, Ринчинг уншдаггүй, уншаад ч ойлгодоггүй. Залхуужав, Англимаа хоёр хоёулаа монгол хэлдээ тааруухан, тэрүүгээрээ адилхан. (Мэдээж Залхуужав, Англимаа хоёрын дундаас олон хүүхэд төрсөн бөгөөд тэд англи хэл, монгол хэл хоёулан дээр нь дунд авах ажээ.)

Англи үг хэрэглэхээс гадна "нөгөө нэг юу байдаг ш дээ..." гэх мэтээр үгээ олж ядан ярих бол Залхуужав, Англимаа хоёрын гол алдаа. Бид "буруу ярьж зөв ойлгодог" гэж өөрсдийгөө хоосон тайвшруулж, буруу хэл яриагаа хаацайлдаг. Бид зөв ойлгодог гэж үнэн үү? Би л лав зарим хүмүүсийн юу хэлээд байгааг ойлгодоггүй. Заримдаа өөрийнхөө ч юу хэлээд байгааг ойлгодоггүй. Би монгол хэлдээ муу гэдгээ мэднэ, надтай ярьж үзсэн хүмүүс бүгд мэднэ. Тиймээс ч "ганц би биш, миний үеийнхэн бүгд монгол хэлдээ муу" гэж хагас буруугаа та нарлуу чихиж байгаа минь энэ.

Монгол хэлээ хаяж англи хэлтэй явалдсанаар бид ямар том алдаа гаргаж байна аа! Энэ мэтээр дэлгүүр хэсэхийн оронд "шоопин"-доод, аялахын оронд "трайвлин" хийгээд байвал бидний дундаас ирээдүйн Инжаннаши, ирээдүйн Чойном төрөх болов уу? Инжаннаши, Нацагдорж, Чойном бүгд гадаад хэлтэй байсан боловч тэд монгол хэлээ хэзээ ч дорд үзэж байсангүй. Тэд монгол хэлдээ хайртай байж ээ. Тэдний шүлэг найргийн баатрууд хэзээ ч захиаг "сэнд"-лж, орой нь "парри"-даж, "би Монголоос ирсэн" гэдэг байсангүй. "Би Монгол хүн" гэдэг байжээ.

"Англи, англи" гэсээр бид монголоороо уншиж, бичиж, ярьж ч чаддаггүй хүмүүс болж байна. Бид тийм байж болох уу? Саяхан Барак Обама Америкийн ерөнхийлөгч боллоо. Обаматай би тэр болгон санал нийлдэггүй ч индэр дээр гараад ярихад нь сэтгэл хөдлөж, түүнийг бишрэхгүй байж чаддаггүй. Тэр хэлсэн үгээрээ олон сая хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг өгч байна. Обама эх хэлээрээ биш, харин франц ч юм уу өөр ямар нэгэн хэлээр үг хэлдэг байсан бол Америкчууд түүнийг ерөнхийлөгчөө болгох байсан уу? Бид монголоороо энгийн өгүүлбэр хэлж чадахгүй гацаад байвал бидний хэн нь индэр дээр гарч сэцэн мэргэн үгээрээ Монголоо удирдан манлайлах юм бэ?

Сайн бичиж сурах бол сайн ярьж сурахаас ч илүү чухал байж болно. Сайн бичнэ гэдэг бол зөв цэгцтэй сэтгэнэ гэсэн үг. Санаагаа цаасан дээр буулгаж чадахгүй байх бол сайхан бүсгүйтэй яриа өдөж чадалгүй түүнийг холоос харж зогсохтой л адил. Сайхан бүсгүй ихэмсэг байдаг шиг бодол санаа чинь холоос бүдэг бадаг харагдаж байгаад яваад өгөхөөс биш чам дээр өөрөө гүйгээд ирэхгүй. Чи л тэднийг хэл яриа, үзэг бэхийн хүчээр өөрийн болгох учиртай. Бодол санаа цаасан дээр буусныхаа дараа л цэгцтэй, тодорхой болдог. (Мэдээж цаасан дээр буусан санаа болгон тодорхой биш.) Тиймээс ч бидний шүтээн болсон Америкийн их сургуулиуд оюутнуудаа бичиг үсэгт сургах гэж солиортол нь "эссэ" бичүүлдэг. Тэд англи хэлдээ ямар хайртай гэж бодно!

Харин бид монгол хэлээрээ хэр сайн бичдэг билээ? Бидний үеийнхний аманд үг олдож, өгүүлбэр эвлэхээ байсан гэлтэй. Олддог үг нь "OK" юм чинь монголоор бичиж яах юм, англиар бич гэж хар шидтэн хэлж магадгүй. Англи хэлтэй Англимаа англиараа бичлээ гэхэд Залхуужав яах болж байна? Нийт Монголчуудын хэл бичгийн соёлыг авч үзвэл бид англи хэлтэй цөөн хэдэн хүмүүсээ бодон монгол хэлээ хаяж болох уу?

Бид соёл боловсролын эрэлд гараад монгол хэлээ хэдэн англи үгээр худалдчихаад ирсэн биш үү? Ажилд ороход хэрэг болох учираас "англи хэл, математик, компютер" чухал, харин монгол хэл, уран зохиол хэнд хэрэгтэй юм гэсэн ойлголт бидний дунд байна. Энэ бол дэндүү эндүү ойлголт. Хэл бичиггүйгээр хүн сэтгэж ч чадахгүй. Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, гүн ухаан, түүх, хууль, бизнес, тэр ч бүү хэл анагаах ухаан, биологи, хими, физик, математик ч хэл бичиггүйгээр явахгүй. Монгол хэлээ сайн эзэмших бол бидний эрдэм мэдлэгт хүрэх гол зам.

Хэл өөрчлөгдөн хувьсах бол жам ёсны хэрэг, монгол хэлэнд англи үг орж ирэх бол хэвийн үзэгдэл, санаа зовох зүйлгүй гэж зарим хүмүүс хэлнэ. Пийшин, гитар, автобус, машин, компютер гээд л гадаад хэлнээс бид олон үгийг зээлж авсан, ирээдүйд ч авна—үүнтэй би санал нэг байна. Гэхдээ "машин, компютер" бол "шоопин, трайвлин" биш. Оросуудаас "машин" гэдэг үгийг авахад бидэнд машин байсангүй. Харин монгол хэлэнд "гоё," "сайхан," "хөөрхөн" гэж байсаар атал "beautiful," "nice" гэж хэлэх бол хэлний эрүүл хөгжил биш. Энэ нь монгол хэлний нэр хүнд муу байгааг л илтгэж байгаа бөгөөд үүнээс болж бидний хэл бичгийн соёл (ярих, унших, бичих чадвар) доройтож байна гэж би дээр хэлсэн. Америкчууд бидэн шиг гадаад үгийг хэрэглэдэггүй. Англи хэлэнд "sushi," "karaoke," "judo" гэж л байдаг болохоос биш "гоё," "сайхан" гэсэн энгийн санааг илэрхийлсэн япон үг байхгүй. Америкчууд эх хэлээ япон хэлнээс дорд үздэггүй болохоор арга ч үгүй биз.

Энэ өгүүллэгийг би англи хэл сурах гэсэн дүүгийнхээ урмыг хугалах гэж бичсэнгүй. Өнөө үед бид англи хэлийг сайн сурах хэрэгтэй гэвэл үнэн. Гэхдээ бид монгол хэлээ мартвал алт ухаж байгаад шороонд даруулж тахир дутуу болсон хүнтэй адил төгсөнө. Монгол хэлээ англи хэлээс дорд үзэх бол хүн өөрт байгаа хязгаар үгүй авьяас билгийг бага багаар олж нээхийн оронд өөрийн биед үл итгэн, эцэсдээн бусдад атаархаж, бусдын аяар явахтай адил. Монголын суут найрагчдын хайраа өгсөн "чихний чимэг болсон монгол хэл"-ээ бид голж чамлах нь байтугай "аялгуу сайхан" үг үсгийг нь хэлэх заяатай төрсөндөө баярлаж явах учиртай.

Бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжаннаши хэлжээ: "Хэрвээ хэрэглэвээс үсэг юунай мохож болох аж. Тийнхүү өөрөө эс хичээгээд, далд нууц бөхтөм товчоот үсгүүдийг нэвтэрсэн үгүй бөгөөд монгол үгсээр ямар гүн, хол тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн үзсэнээс юун өөр буй." Одоо бид далай мэт хэлнийхээ гүнрүү нь шумбаж орох хэрэгтэй. Тэндээс бид гайхамшигийг олно.

Нэмэлт: Санаагаа тодорхой гаргаж бичээгүй алдаанаас минь болж хоёроос олон хүмүүс энэ өгүүллэгийг буруугаар ойлгов. Өгүүллэгээ засалгүйгээр алдаагаа засах боломжыг олгоно уу? Энэ өгүүллэгийн гол сэдэв бол англи хэл биш монгол хэл. Би англи үг хэрэглэхийг эсэргүйцэх гэхээсээн илүү англи үг хэрэглэхээрээ монгол хэлээ мартдаг зуршлыг эсэргүйцсэн юм. Англи хэлийг сурч болно, гэхдээ монгол хэлээ мартахаас сэргийлэх хэрэгтэй. Миний бодлоор англи хэл сурахаас илүү монгол хэлээ сайн эзэмших бол хамгийн чухал.

20 санал сэтгэгдэл:

tsatsrala said...

zaza chi neeree aimar ym bichsen beshd, bi zarimdaa ene "cool" humuusiin neg ni bolchool bdiin..ghdee oird joohon ym bodood bgaa..gehdee nadd bayr hurgej bolnoo, bi dund surguulidaa 6 jil daraalan mongol helnii olimpiadad orson namtartai..tgd mgl heleeree henees ch dutahgui gedgeeree ih baharhdgiin, yahv msg.hii hel bol uur shdee kk!!
Tsegtstei logiktoi setgehiin tuld ugaasaa ymr neg heliig mash sain ezemshsen bh estoi l doo. Ter hel ni turulh eh hel ni baival medeej iluu amar. Chinii sanaliig demjij bnaa, hamgiin ehend Mongol Helee tavitsgaaya. Yagaad gevel chi Mongol Hun. Mongol bol chinii ekh oron!

dolugen said...

Сургамжтай өгүүллэг бичсэн байна шүү. Би гэж хүн бас л үүн шиг бодлыг тээж явдаг юм. Гэхдээ урьд нь ингэж бичээгүйг бодоход бас л cool амьтан бололтой :P

Жич: Лэмонсын шинэ CD гарчихсан юм уу?

Pearle Deppsu said...

за бүрэн уншсангүй, эхни 3н параграфийг нь л уншлаа.


үгсийн сан баяждаг 4 арга байдгын нэг нь харь хэлнээс орж ирсэн үг гэдэг билүү. 10 жилийн өмнө үзсэн болохоор мартаж орхиж.

20 жилийн өмнө хүмүүс ингэж ярьдаг байсан санагдана:

Драмын театрын кассанд билетэнд оочирлов.

монгол үг энэ дотор байгаа юу?
байхгүй

харин хэл хөгждөгөөрөө хөгжсөөр л байх болно.

монгол хэл дорой гэдэг үзэл чинь харин дэндүү pessimist санагдав.

Ачболд said...

Tsatsralaa goy yum aa. Bi l lav mongol helnii hicheeld unen muu baisan...

Dolugen, Lemons-iin shine tsomog arai l garaagui baihaa, bi zugeer l jishee avsiin.

Pearle, zarim uyed gadaad ug orj ireh bas tiim ch muu bish gedgiig bi duridsan baigaa (suuleesee 3 dahi paragraph). Buren unshaagui baij dugnelt hiih hereggui biz dee.

Darko said...

hi.za daraa tuhtai orj irj unshnaa.yu ch gesen mend medeed garii kkk

alchemist said...

sain niitlel bichjee, uneheer hondoh l heregtei emzeg sedev bolood bn. Odoo mongolooroo ch humuus zov bichihee baichihaj, tegeed gehiig teed, ugui gehiig gu, medehgui g medku gedeg chin yag nadad haldaad bn. Ug ni bi tegj ih mayglaj albaar eldeveer bicheed bdg hun bish l dee, gehdee l yaalt ch bhgui iim um unshisaar bgaad odoo naizuudtaigaa chatlahdaa yag l tegj bichdeg bolchihson bn lee dee. Bye hi bol buur negent mgl helnii ugiin sand orood irchihsen met, bayartai gej helj bgaa hun neg l evgui haragdaad ch bh shig hehe. Mongolchuud ugaasaa umiig ooriin bolgoj nevtruulehdee sain ulsuud, neg heseg bidnii etseg ehchuud oros r bidniig zagnaj, orosoor uulga alddag bsn, odoogiin bid angilmaa um uu zalhuujav l bolj bn da

Anonymous said...

Injinaashiin eh hel n hyatad baisan bizde? Deerhi ishlel n gadaad helnees muuhan orchuulga shig yum baih yum. Huurhii, hyatadaaraa setgedegee hezee tavij chadaagyi baihdaa.

Ачболд said...

Anonymous-d:

19-r zuund Mongoliin ard tumnii dundaas torson hamgiin suut nairagch Injannashiin eh hel hyatad gej yu yarina we! Injannashi bol Chinggis Khanii udmiin hun baisan.

Ter ishleliig Injannashiin HOH SUDAR-iin Tovchit Tolt-oos awsan. HOH SUDAR bol 19-r zuunii Mongoliin utga zohioliin hamgiin shildeg buteel, Chinggis Khanii tuhai tuuhen roman yum. Shuleg nairag ni yamar goy gej bodno! 19-r zuunii uyiin Mongol heleer bichigdsen bolohoor hel bichigtee maruuhan bidend tiim ch amarhan oilgogdohgui.

Ачболд said...

Jich: Tovchit Tolt bol HOH SUDAR -iin orshil oguulleg.

caroline said...

achbold ih uhaantai zaluu uma
blog chin ih taalagdlaa

Puj said...

Үнэн л дээ,үнэн.

Тэр гадаадад удаан байсан хүмүүс бол бүр үнэн хэцүү санагдсан,үгээ монголоор бодоол суучихна,хэхэ. Уг нь ч тэд нарын буруу биш л дээ.

Энд байгаа бид нар харин эх хэлээрээ ярих хэрэгтэй ш дээ тэ? Үүнтэй санал нэг байна.

Хүмүүст мэйл бичихдээ Sainuu гэхлээр өөдөөс дооглоод байдгын шд,хэхэ.

kama said...

Надад таалагдлаа.
Үндсэрхэг үзэл,эх орон гээд л байдаг эхлээд монгол улсынхаа хэл соёлыг хамгаалж чаддаггүй юм шиг байна.
Уучлаарай монголын гуа бүсгүй идэр сайхан залуучуудаа.
Би бас COOL байхдаа хэхэ

kama said...

Жич:
Энэ санаанд орчлоо хэхэ

Сар шинэдээ сайхан шинэлж сүрэг мал чинь SUPER тарган, даага давхар далавчтай, бяруу баки булчинтай, ондоо ОК, сардаа САК, everyday эрүүл энх байж, very nice амьдараарай. Ирж буй үхэр жилдээ илжиг шиг зүтгэж, хямарлыг хэмнэж давж, ноён нуруутай, NO PROBLEM сайхан шинэлээрэй. Айл их хэсэж Алт мөнгө их цуглуулж. . . дараа нь хэмнээрэй

Bayasum said...

Их таалагдлаа.. Яваандаа эх хэлээрээ өөрийгөө цэгцтэй сайхан илэрхийлсэн нь залууст "cool" санагдах үе ирэх байлгүй..

Mika said...

Энэ үнэхээр сайн бичлэг болжээ. бодмоор, санамаар зүйлүүд их байна шөө

Darko said...

bodmoor yum ihtei saihan niitlel boljee.yu ch anzaaralgui buh yum bolj baigaa meteer haranhuigar uragshilj baigaa mani metiin 'cool' huuhduud neeree sehee avmaar tsag irjee.ene bichlegiig unshaad l genet sehee avah shig bolloo hehe.zulaa ta 2 shig bi yag l angli heliig udur tutamdaa uuruu ch anzaaralgui baij baigaad heregledeg bolchihoj dee.neeree l yag har ilbechind ilbeduuleed baih shig baina.
sayahan tsagaan sariin daraa yaruu nairagch SH.Dulmaa guai tai uulzsan.ene huntei uulzaad yariag ni sonsoj baihad uneheer mongol heleeree baharhah setgel turj bailee.SH.Dulmaaguai-mongol heleer ilerhiilegdehgui zuil gej ene horvood negeehen ch ugui, tiim aguu hel yum shuu(bi yag goyo bichij chadsangui ee) gej helsen.
bid neeree aali hediin tuuruud buruu zamaar orood yavcihhjee.uuruu uuruusuu uuchlal guimaar sanagdchihlaa hehe

Arga said...

Чиний бодолтой санал бүрэн нийлж байна. Улс орны тусгаар тогтнолын нэг илэрхийлэл бол өөрийн хэл, соёл нь гэж би ойлгодог юм. Хэл нь хэдий чиниээ бусдаас харъяат байна төдий чинээ улс орны ёс заншил, бусдаас ялгарах хэв маяг, онцлог нь устдаг юм шиг санагдаг. Эх хэлээ хайрлаж, уйгаржин монгол бичгээн бас мартмааргүй л байх юм :-(.

Ачболд said...

Sanal setgegdelee uldeesen ta nart bayarlalaa.

Anonymous said...

Thank you for sharing your thoughts! I have read all from beginning to the end! Well said! Pearle needs to read the post completely and then to criticize!



byatskhan angli heltei "cool mongolian" ;¬) who can't type in Cyrillic

Enkh said...

Sain bichsen bna. Chi ooriigoo mongol helendee muu gej bga bol bi odoo yanadaa ter hoiguur tuuj yavah ni bna. Minii huvid angli heliig neg yum suugaad ooroo surtsan chin ene "cool" zaluusiin neg bolchloo. Ug ni chinii adil bodol bdg ch ooriin erhgui angli ug mash ih hereglej yarina. Tgd boloogui ee angliar essay bichihdee bolomjiin bichcheed mongoloor bichih geheer gatchihna. Tegheer sain bichij mongol hel deeree zov, tegtstei bichhin tuld (yag america-d surguulid huuhduudee herhen essay geer nuddeg shig) ih bichih heregteildee. zaza thanks for reminding with the article.:)